Э.Бумхүү: Дуурийн дуучид тамирчид шиг байнгын бэлтгэлтэй байдаг

УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүүг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрээр 2011 онд ОХУ-ын Буриад улсад зохиосон ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховойнагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм.

-Хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Хөл хорионы үеэр өөрийнхөө уран бүтээлийг сайжруулах талаар ном, сонин уншиж хувийн бэлтгэлээ хийж байна даа. МАН-ын 100 жилийн ойд зориулж “Шивээ хиагт” дуурийг тоглохоор бэлтгэл сургуулилт хийж байсан ч боломжгүй болж зогссон байгаа.

-Та “Шивээ хиагт” дуурьд ямар дүрд дуулах байсан бэ?

-Би энэ дуурьд Сүхбаатарын дүрийг бүтээх байсан. Бэлтгэл сургуулилтаа хийгээд бэлэн болсон байсан. Харамсалтай нь тоглолтыг цуцлаад хөл хорио тогтоочихлоо. Ажил эхлэхэд бэлэн байх зорилгоор гамма сайн хийж байгаа. Бид тамирчид шиг байнгын хувийн бэлтгэлтэй байхгүй бол болдоггүй юм. 1-2 сар амарч байгаад шууд очоод дуулдаг юм биш. Байнга дасгал хийж хоолойгоо бэлэн байлгахгүй бол гурван бадаг дуу биш гурван цагийн дуурь болохоор шууд дуулж болохгүй. Бид бараг нэг жил амарчихлаа. Ялангуяа, дуурийн дуучид амьд махан хоолойгоор дуулдаг болохоор тамирчид шиг байнгын бэлтгэл сургуулилттай байхгүй ёстой. Гурван цаг дуурь дуулахад хэдэн цаг уурхайд ажилласантай тэнцдэг гэсэн жишээ байдаг.   

-Нутаг ус хаанах вэ, өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би Завхан аймгийн Тэс суманд төрж, сумынхаа 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 2002 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр, 2005 онд тус сургуулийг дуучин мэргэжлээр, 2008 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Аймагтаа сургууль төгсөөд ирсэн учраас бэлтгэл нэгдүгээр курсээ алгасаад шууд хоёрдугаар курсээсээ СУИС-д суралцсан. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.

-Таныхаар дуурийн дуучин байхын бахархал нь юу вэ?

-Сургуулиа төгсөөд СУИС-д сурч байхдаа дуурийн дуучин болно гэж бодож байгаагүй. Ер нь мөрөөдөл байсан. Тэр үед өндөр босготой театрт орно гэдэг хэцүү байсан л даа. Оюутан байхдаа дуурийн театрт тоглолт үзээд том Баттөр ах, Ардын жүжигчин Н.Дашпэлжээ багш, Жинжиймаа Баттөр гэсэн хүмүүсийг харж, биширч явсан. Бүрэнтөгс маэстро шалгалт авчаад энэ хүний хараанд өртөж энэ том театрын босгыг алхаж орсондоо баяртай байдаг.

Хүн харахад зүгээр дуулаад, жүжиглээд байгаа юм шиг хэрнээ их хөдөлмөр, тэвчээр, сургуулилт, хүнээс их хүч, авьяас шавхсан ч сайхан кайфтай байдаг. Мэргэжилдээ дурлаж, шимтэж, өөрийнхөө хүч, авьяасыг шавхаад үзэгч түмэндээ үнэлүүлээд алга ташуулаад зогсох сайхан санагддаг. “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүр гэхэд Ардын жүжигчин Пүрэвдорж, Жаргалсайхан нараас уламжлаад одоо Бумхүү миний бие болон залуу дуучин Цэрэндаш бэлтгэгдэж дуулах нь их тэвчээр, хатуужил, хичээл сургуулилт шаардана. Мэргэжлийн уран бүтээлд өөрийгөө хөгжүүлж тайзан дээр бүтээл туурвиж байгаадаа бахархдаг. Монголын болон дэлхийн сонгодог бүтээлийг дуулж ард түмэндээ үнэлэгдэж, дүгнүүлж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *