Эрт үе гэдэг юм. Ганц охинтой эмгэн өвгөн хоёр ганц гэрээр амьдардаг байж. Охин нь холын хошуунд бэр болж
одсон тул хоёулханаа үлдэн амьдарч байв. Өвгөн нэгэн өдөр хониндоо явж ирээд хээрээс сонин час улаан чулуу
оллоо гээд эмгэндээ хэлээд тулганыхаа хажууд тавиад орхиж. Эмгэн нь өдөржин ганцаар байх тул уйдаж өнөөх
улаан чулууг сонирхон эргүүлж тойруулж үзэж байгаад хэлтэлж үзтэл амархан хагарч, бүр ч гайхан жаахан
хэсгийг нь шүдээрээ хэлтэлж үзтэл ер бусын сайхан амттай эд байж. Эмгэн амтанд нь болоод бүгдийг нь идэж орхив. Гэтэл үд өнгөрөөд өөрийн мэдрэлгүй асар их махсаж юу ч хамаагүй идмээр санагдаж, байсан хонины махнаасаа идээд ч махсаа нь гарахгүй байж. Нэлээд хугацаанд их хэцүү байсаар сүүлдээ өвгөнөө барьж идэж орхисон гэнэ.

Түүнээс хойш нутаг нугын, явуулын хэд хэдэн хунийг барьж идсэн тул нутгийн айлууд цөм холдож нүүсээр нутаг
дээрээ ганц гэрээрээ үлджээ. Энэ тухай сураг чимээ охинд нь хүрч охин нь ч итгэсэнгүй, эхтэйгээ
уулзахсан үнэн худлыг мэдэхсэн гэж нөхрөө ятгажээ. Нөхөр нь ч явуулахгүй гэж их зууралдсан боловч охин нь
заавал уулзана гэж зөрсөн тул нөхөр нь арга буюу зөвшөөрч хол замд хэрэглэх хоол унд зэхэж хамгийн сайн морио хэд хоног сойж хөнгөрөөгөөд эхнэрээ мордуулахдаа өдөржин шахам билүүдсэн урт чинжаал гаргаж өгөөд: “За чи минь ижийтэйгээ уулзаад ир дээ. Эх чинь золгохдоо эрүүнээс чинь барьж үзэх бий вий! Тэгвэл гэнэ алдуулж байгаад хурдхан мордоод зугтаарай зогсож л болохгүй шүү!” гэж захиж гэнэ. Охин нь олон хоног явж нутагтаа хүрвэл ганц ч айл амьтан тааралдсангүй явсаар гэрийн бараа харжээ.

Холоос ирж явааг нь харсан эх нь гэрээсээ гарч ирэн тосоод охиноо ирлээ гэж баярласан ч үгүй золгохдоо
үнэхээр эрүүнээс нь барьж үзээд “Сайхан … болж” гээд гэртээ орж суудал засч суулгаад, “Ижий нь гарч аргал
түлээ хормойлж ирье! Сайхан цай чанаж хоол хийе!” гээд гарч одов гэнэ. Охиныг орж ирэхтэй зэрэгцэн гэрээс
өмхий үнэр адврын араас үнэртсээр байсанд охин авдрынхаа араар өнгийж харвал дутуу мөлжсөн хүний олон яс
сэрийж харагджээ. Охин ухас хийн гарч гүйн мориндоо хүрч нөхрийнхээ өгсөн юмаар мориныхоо хөлийг тушсан цулбуур суранд хүргэх төдийд цулбуур нь даавуу мэт тасар татагдав гэнэ. Охин мориндоо үсрэн мордоод давирах төдийд морь нь тоос татуулан хурдлав. Гэрээсээ нэлээд холдоод мориныхоо давхил дунд эргэн харвал эх нь ард нь ирчихсэн морийг нь хариугүй гүйцэн алдан гараараа мориных нь сүүлэнд хүрэн алдан хөөж байв гэнэ. Охин морио сайн ташуурдаад улам хурдлав. Нэлээд давхисны эцэст араас нь “-Хайран сайхан шинэ мах!” гэж хашгирсаар
үлдсэн гэдэг. Ийм домог бодит явдлаас үүссэн. Өвгөнийх нь хээрээс олж ирсэн улаан өнгөтэй жижигхэн чулуу нь үнэндээ хүн тавьдаг газрын ойроос олсон хатаж чулуужсан хүний элэг байсан юм гэнэ билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here