Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотой хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар мэдэгдлээ. Яамнаас “Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж халдварын тоо буурахгүй байна. Үүнээс гадна үйлдвэр, үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихгүй бол тухайн газруудаас халдвар тархах өндөр эрсдэлтэй. Халдварын тоо ихэссээр байвал дахин хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр “Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан, тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээсэн, Ерөнхийлөгчийн сонгуультай гээд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эргээд нэмэгдэж эхэлж байна.Халдварын хамгийн оргил үеийн тархалтыг дагаад нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд тархалтын тохиолдлын тоо буураад, үүнийг дагаад 14-21 хоногийн дараа нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцооллуудыг хийж байсан. Энэ дагуу нас баралт буурч байгаа.

Гэхдээ халдварын давлагаа эргээд гарах хандлагатай байна. Хэрэв энэ давлагаа олон хүнийг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэлүүд хүлээж байгаа” гэв. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол шинээр Улаанбаатарт 625, орон нутагт 28 бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here